top of page

“Таримал ургамлын үр сортын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа

Швейцарын хөгжлийн агентлагын санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол ногоо” төслийн 4 дүгээр бүрэлдэхүүн хэсэг: Эрх зүйн орчин төсөл "Таримал ургамлын үр сортын тухай” хуулийн төслийг 2017 онд анх боловсруулж, ХХААХҮЯ-ны ажлын хэсэгт хүргүүлсэн.

Үүнээс хойш ХХААХҮЯ-наас томилогдсон ажлын хэсгийн хүсэлтээр төсөл ажлын хэсэгтэй байнга хамтран ажиллаж, техникийн болон мэргэжлийн туслалцаа зөвлөгөөг үзүүлж, хэлэлцүүлэг, уулзалтуудыг тогтмол зохион байгуулж хамтран ажиллаж ирсэн.


НҮБ-ын ХХААБ-ын Итали дахь төв оффисын ХАА-н газрын Үрийн салбарын ахлах мэргэжилтэн ноён Хюго Вилсон, Олон улсын хуулийн зөвлөх хатагтай Раушан Зазукбаева нар 2017, 2018, 2019 онуудад Монгол улсад хүрэлцэн ирж ажиллаж байсан бөгөөд 2019 оны 06 сард ажлын хэсэг болон БОХХАА-н байнгын хорооны дарга Х.Болорчулуун, ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан нартай уулзан хуулийн төсөл дээр техникийн зөвлөгөө өгч, олон улсын сайн туршлагуудаас хуваалцсан.

НҮБ-ын ХХААБ-ын Итали дахь төв оффисын ХАА-н газрын үрийн салбарын ахлах мэргэжилтэн ноён Хюго Вилсон болон Монгол ногоо төслийн 4-р бүрэлдэхүүн хэсэг: Эрх зүйн орчин төслийн хуулийн мэргэжилтэн Б.Алтанцэцэг

Олон улсын зөвлөхүүд хуулийн төслийг үрийн салбарын олон чухал асуудлыг хамарсан төсөл болсон гэж дүгнэсэн. Цаашлаад, төслийн баг болон ажлын хэсэг “Таримал Ургамалын Сортын Эрхийг хамгаалах Олон Улсын Конвенци (UPOV)”-ийг мэргэжилтнүүдтэй хамтран уг конвенцид нийцүүлэх тал дээр хамтарч ажилласан. Эдгээр ажлуудын үр дүнд “Таримал ургамлын үр сортын тухай” хуулийн төсөл 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр УИХ-д өргөн баригдлаа.


Хууль батлагдсанаар хөдөө орон нутгийн тариаланчид баталгаажсан, нутагшсан, ган, халуун, өвчин, хортонд тэсвэртэй сортын үрээр өөрсдийн нутаг орны онцлогт тохируулан тариалалт хийх, таримал ургамлын үйлдвэрлэл, хүртээмж нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм. Мөн уг хуулиар сортын эрхийн хамгааллыг оюуны өмчөөр баталгаажуулан хамгаалах замаар шинэ сорт бүтээх үйл ажиллагааг дэмжиж байна. Цаашлаад хүнсний аюулгүй байдлын индекс үндэсний хэмжээнд өсөх нөхцөлийг бүрдүүлж байна.

ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан болон УИХ-ын дарга Г.Занданшатар

94 views0 comments

Comments


bottom of page