Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Монгол ногоо” төсөл, Нийслэлийн боловсролын газартай хамтран эх орны хөрсөнд тарьж ургуулсан “Naval” сортын шар лууванг цэцэрлэгийн хүнсний хангамжид гурван сарын хугацаанд нийлүүлэх замаар “Хүүхдийн өсөлт хөгжилтөд шар луувангийн нөлөөлөх байдал”-ын судалгаа хийлээ.
2017 оны 12 дугаар сард эхэлсэн судалгаанд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгийн хүүхдийг хамруулсан. Энэ хоёр цэцэрлэгийг Нийслэлийн боловсролын газраас санал болгосон байна. Сонгогдсон цэцэрлэг тус бүрээс 3-5 насны 50 хүүхэд сонгон авч, өдөрт 100 мл шар луувангийн шүүс, луувангаар баяжуулсан төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэн, хэрэглээгүй хүүхдийн ялгааг харуулахыг зорьжээ.
Ийнхүү гурван сарын турш үргэлжилсэн судалгаа амжилттай дуусч, өнөөдөр (2018.05.08) Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгт судалгааны үр дүнгээ танилцуулах арга хэмжээ зохион байгууллаа. Арга хэмжээг нээж, ХХААХҮЯ-ны Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний зохицуулалтын хэлтсийн дарга О.Онон хэлсэн. Тэрбээр, “ХХААХҮЯ-ны зүгээс хүн амыг эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах үүднээс олон арга хэмжээ авч байна. Тухайлбал, “Мах, сүүний анхдугаар аян”, “Жимс жимсгэнэ”, “Хүнсний ногоо” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хоол хүнсээр дамжуулж, хүний эрүүл мэндийг тэтгэх, хамгаалах асуудал сүүлийн үед хөндөгдөх болсон. Тиймээс хүүхдийн өсөлт хөгжилт, эрүүл мэнд, шим тэжээлийн байдалд анхаарах нь зүйтэй гэдэг үүднээс уг судалгааны ажлыг санаачлан өнөөдөр үр дүнгээ тайлагнаж байгаа юм. Цаашид “Naval” сортын шар лууванг цэцэрлэгийн хүнсний хангамжид нийлүүлэх, импортын орлох дотоодын шүүсний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой ажиллаж байна” гэлээ.
“Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл маркетинг” төслийн удирдагч Т.Төрмандах: “2016 оноос хэрэгжиж эхэлсэн “Монгол ногоо” төсөл нь эх орны хөрсөнд ургуулсан ногоогоор хүн амын хүнсний хэрэгцээг хангах зорилготой. Энэ ч үүднээс 10 гаруй шинэ сортыг судалсны үр дүнд гол үүсгэдэггүй, шүүсний гарц сайтай “Naval” сортын шар лууванг цэцэрлэгийн хүнсний хангамжид нийлүүлэхээр шийдвэрлэсэн. Ингээд Дархан-Уул аймгийн ургамал газар тариалангийн хүрээлэнгийн туршилтын талбайд Голландын “Naval F1” шүүслэг сортын 1 тонн шар лууванг тарьж ургуулсан” гэдгээ хэлж, Сэлэнгэ аймгийн Хушаат суманд 5 га талбайд тарих болсноо дуулгалаа.
Арга хэмжээнд ”Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Нарантуяа, Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Гэрэлцэцэг нар оролцож, хүүхдэд луувангийн шүүс бэлдэхээс гадна луувангаар баяжуулсан жигнэмэг, мантуу, хайлмаг зэргийг хийж өгнө, хүүхдүүд амтархан иддэг, судалгаа маш үр өгөөжтэй байсан учраас үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг хүсч байлаа. Мөн судалгаанд цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхийн төлөөлөл хүүхэд нь өсөж, яс, шүд нь бэхжин, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн нь сайжирсан талаар хэлсэн.
Энэ үеэр “Монгол ногоо” төслийн зөвлөх, судлаач Н.Оюундарь судалгааны үр дүнгээ танилцуулж, хүүхэд багачуудад луувангийн шүүс, төрөл бүрийн луувангаар баяжуулсан хоол, хүнс бэлтгэн өгч байхыг зөвлөсөн. “Naval F1” сортын шар лууванг судалгаанд хэрэглэхийн өмнө дээжийг МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлж, хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэх аюулгүй байдлыг баталгаажуулсан болохыг тэрээр дурдсан.
“Монгол ногоо” төслийн зүгээс луувангийн шүүс шахах машин, дагалдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон шүүс гаргах “Naval” сортын шар лууванг судалгааны хугацаанд сонгогдсон хоёр цэцэрлэгт тус бүр 500 кг-ийг нийлүүлжээ. Ингээд цэцэрлэгийн тогооч нарт хүнсний ногооны хадгалалт, боловсруулалт, зохистой хэрэглээ, хүүхдийн хоолны шим тэжээлийн талаар онолын мэдлэг олгож, ногооны шүүс гаргах, шар луувангаар баяжуулсан төрөл бүрийн хүүхдийн хоол бэлтгэх арга технологийг эзэмшүүлсэн байна.
Шар лууван нь эмчилгээ, сувиллын болон хүүхдийн хоол, унданд хэрэглэхэд нэн тохиромжтой төдийгүй хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй хэрэгтэй эслэг, нийлмэл нүүрс ус, антиоксидантууд, эрдэс бодис, аминдэмээр нэн баялаг. Тийм ч учраас хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжих, нүдний хараа сайжруулах, биеийн өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх, амны хөндийг цэвэрлэх, шүлс ялгаралтыг дэмжих, шүд цоорлоос сэргийлэх зэрэг олон талын ач тустай хүнсний ногоо юм. Цаашлаад хорт хавдар, цусны даралт ихсэх зэрэг өвчнөөс сэргийлэх боломжтой.
Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн бие бялдрын хэмжилтүүдийг шар луувангийн шүүс болон баяжуулсан бүтээгдэхүүн өгөхийн өмнө болон 3 сар хэрэглэсний дараа хийж, тэдний өсөлт хөгжилт, шим тэжээлийн байдлыг үнэлсэн бөгөөд ингэхдээ ДЭМБ-аас 2006 онд шинэчлэн боловсруулсан “Хүүхдийн өсөлтийн стандарт”-ыг баримталсан байна. Судалгааны үр дүнд шар луувангийн шүүсийг гурван сарын турш хэрэглэсэн хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилтөд эерэг нөлөөлсөн гэж “Монгол ногоо” төслийн зөвлөх, судлаач Н.Оюундарь дүгнэж байна.
Судалгааны явцад дээр дурдсан хоёр цэцэрлэгийн нэг өдрийн хоолонд агуулагдах шим тэжээлийн агууламжийг ДЭМБ-аас гаргасан зөвлөмжтэй харьцуулаад үзэхэд зайлшгүй шаардлагатай зарим аминдэм, эрдэс бодисыг авч чадахгүй байгаа нь тогтоогджээ. Тиймээс цэцэрлэгийн хүүхдийн хоолны цэсийг шинжлэх ухааны үндэстэй боловсруулж, жимс, хүнсний ногоог түлхүү оруулах шаардлагатай гэж судалгааны багийнхан үзэж байна. Нөгөөтэйгүүр эцэг, эхчүүд зохистой хооллолтын талаар мэдлэгтэй байж, хүүхэддээ аль болох чихэрлэг амттан, тос ихтэй, шарсан, хуурсан хоол хүнс хэрэглүүлэхгүй байхыг зөвлөлөө.
ХҮҮХДИЙН ӨСӨЛТ ХӨГЖИЛТӨД ШАР ЛУУВАНГИЙН НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН СУДАЛГААНААС ГАРСАН ЗӨВЛӨМЖ
ЕБС, цэцэрлэгүүдийн гал тогоог ногоо, жимсний шүүс гаргадаг тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах, тогооч нарыг ногоо, жимсний шүүс гаргах, хүүхдийн хоолыг төрөл бүрийн хүнсний ногоо, жимс, жимсгэнээр баяжуулах талаар сургаж дадлагажуулахЦэцэрлэгийн хүүхдийн хоолонд агуулагдах илчлэг, шим тэжээлийн бодисын агууламжийг зөвлөмж хэмжээнд нийцүүлсэн хоолны цэсийг нэгдсэн байдлаар боловсруулан баталж, улсын хэмжээний бүх цэцэрлэгт мөрдүүлж хэвшүүлэхХүүхдийн өсөлт хөгжилтийн байдлыг антропометрийн хэмжилтүүдээр нарийвчлан судалж, өсөлт хоцрох эрсдэлтэй хүүхдүүдийн хоол, асаргаанд нэмэлт анхаарал тавихХүүхдийг хэрхэн зөв зохистой хооллох талаар цэцэрлэгийн багш нар болон эцэг эхчүүдийн мэдлэгийг дээшлүүлж, хандлагыг нь өөрчлөхХүүхдийн хооллолт, эрүүл мэндийн байдал, оюун ухаан, бие бялдрын өсөлт хөгжилтийг хэвийн байлгахад цэцэрлэг болон эцэг эхчүүд нягт хамтран ажилладаг байх
Comments